Бид өдөр тутам сүү, сүүн бүтээгдэхүүнийг нэр, савлагаа, амтаар нь таньдаг. Гэхдээ түүний ард фермерийн өглөө эртийн сааль, малын арчилгаа, олон жилийн хичээл зүтгэл байдгийг тэр бүр боддоггүй. Дэлгүүрийн лангуунаас хэрэглэгчийн гарт хүрэхээс өмнө сүү нэгэн гэр бүлийн амьдрал, тууштай хөдөлмөр, хамтын ажиллагааг дамжин ирдэг.
“Сүү” ХК энэ түүхийг хэрэглэгчдэдээ ойртуулж, бүтээгдэхүүнийхээ ард байгаа хүмүүсийг танилцуулах зорилгоор “Бидний дундах сүүн холбоо” кампанит ажлыг хэрэгжүүллээ. Сүү бэлтгэн нийлүүлэгч хэн болох, хэнтэй хамтран ажилладаг, фермерүүдийн бэлтгэсэн сүү хэрхэн боловсруулагдаж хэрэглэгчдэд хүрдгийг бодит хүмүүсийн амьдрал, хөдөлмөрөөр дамжуулан үзүүлэхийг зорьсон юм.
Бид фермерүүдийнхээ олон жилийн турш бэлтгэн нийлүүлсэн сүүний бодит хэмжээг онцоллоо. Тэр тоо бүр өглөө бүрийн сааль, малын арчилгаа, гэр бүлийн хөдөлмөрөөр хуримтлагдсан үр дүн билээ. Энэ нь фермер, үйлдвэрийн хооронд тогтсон хамтын ажиллагаа, харилцан хүлээсэн хариуцлагын илэрхийлэл юм. Сүүний ард буй хүмүүс, гарал үүсэл, хөдөлмөрийн үр дүнгээр бүтээгдэхүүндээ итгэх итгэлийг бэхжүүлэхийг бид зорьж байна.
Ингээд энэ холбоог бүтээлцэж буй таван фермерийн түүхтэй танилцъя.
Фермер Л.Цолмонбаатар
Хөвсгөл аймгийн Их-Уул суманд малчин аав, ээжийнхээ дэргэд өссөн Л.Цолмонбаатар багаасаа өөрийн гэсэн фермтэй болохыг мөрөөддөг байжээ. Гэхдээ тэр мөрөөдөлдөө шууд хүрээгүй. Сургууль төгсөж, өөр салбарт ажиллан, амьдралаа төвхнүүлэхийн зэрэгцээ сэтгэлдээ тээж явсан хүслээ бага багаар бодит болгосон юм.
2005 онд “Аварга” биеийн тамирын дээд сургуулийг чөлөөт бөхийн багш, дасгалжуулагчаар төгссөн тэрээр ажлын гараагаа Идэр холдингод эхлүүлжээ. Дараа нь Худалдаа хөгжлийн банканд хамгаалагчаар дөрвөн жил, мөнгөний няраваар гурван жил ажилласан байна. Харин 2010 онд найман, есөн үхэр худалдан авсан нь өнөөдрийн фермийнх нь эхлэл болжээ.
Тэр үед тэрээр өглөөний таван цагт босож үнээгээ саагаад, сүүгээ борлуулж амжчихаад ажилдаа явдаг байв. Орой харихад нь мөн л сааль, малын ажил хүлээж байлаа. Өдрийн ажлын өмнө ч, дараа ч үргэлжлэх энэ хөдөлмөр түүний хувьд хүссэн амьдралаа бүтээх зам байв. Мөрөөдөл нь өглөө эрт босох шалтгаан болж, тууштай хөдөлмөр нь тэр мөрөөдлийг өдөр өдрөөр ойртуулсан юм.
2012 онд тэрээр ажлаасаа гарч, фермийн ажилдаа бүрэн оржээ. 2014 оноос “Сүү” ХК-д сүү бэлтгэн нийлүүлж эхэлсэн байна. Анхны хэдхэн үнээнээс эхэлсэн аж ахуй нь өдгөө 200-аад үхэртэй болж, ялангуяа сүүлийн хоёр жилд фермийн бүтээн байгуулалт, зохион байгуулалтад төвлөрч, илүү том хэмжээний аж ахуй болон хөгжжээ.
Энэ бүх хугацаанд түүнийг хамгийн сайн ойлгож, түшиж, хамтдаа урагшилсан хүн бол хань Б.Тэрбиш. Моност 21 жил ажиллаж буй түүний хувьд ч ферм бол гэр бүлийнх нь хамтдаа бүтээсэн амьдралын нэг хэсэг. Тэд дөрвөн хүүтэй. Том хүү нь 20 настай, Японд суралцдаг бол бага нь 10 настай. Хүүхдүүд нь багаасаа угжаа хөхөн, ферм дээр унтаж өссөн гэх дурсамж энэ аж ахуй зөвхөн аавынх нь ажил биш, гэр бүлийнх нь амьдралтай хэрхэн сүлбэгдсэнийг өгүүлнэ.
Өнөөдөр Л.Цолмонбаатарын фермд зургаагаас найман хүн тогтмол ажиллаж байна. Ажилтнуудынхаа цалинг сард хоёр удаа олгож, ээлжийн амралт, урамшууллыг нь ч тооцдог. Өөрийн мөрөөдлийг бодит болгохын зэрэгцээ бусдын тогтвортой ажлын байрыг бий болгож, фермээ байгууллагын зохион байгуулалтаар авч явахыг зорьж байна.
Сайн сүү авахын тулд малаа сайн тэжээх хэрэгтэй гэдгийг тэрээр өдөр тутмын хөдөлмөрөөрөө мэдэрчээ. Тэжээлийн чанарт гаргасан анхаарал, малдаа зориулсан арчилгаа бүхэн эргээд үр дүнгээ өгдөг гэж үздэг. Мал аж ахуйд залхууралтай эвлэрэх зай байхгүй. Өнөөдрийн ажлыг маргааш гэж хойшлуулахгүй байх нь түүний баримталдаг зарчим юм.
Гэхдээ хөдөлмөрийн хажуугаар шийдэх сорилт ч бий. Өвс, тэжээлийн хэрэгцээгээ хангахын тулд газар тариалангийн чиглэлийн ажлаа түрээсийн нөхцөлөөр зохицуулдаг. Ийм үед “Сүү” ХК-иас хавар, намрын улиралд үзүүлдэг мөнгөн дэмжлэг нь өвс, тэжээлээ бэлтгэхэд нь бодит нэмэр болдог байна. Мөн тэрээр төрөөс олгодог сүүний урамшуулалд гурван жил хамрагдсан.
Бэлтгэсэн сүүг нь компанийн тээврийн машин фермээс нь ирж авдаг нь түүний ажлыг хөнгөвчилж, аж ахуйдаа илүү анхаарах боломж олгодог. Харин долоо хоног бүр сүүний төлбөрөө авдаг тогтмол орлогоо тэрээр ажлынхаа нэг давуу тал хэмээн үнэлдэг.
Түүний энэхүү хамтын ажиллагааны тод илэрхийлэл нь долоон жилийн хугацаанд “Сүү” ХК-д бэлтгэн нийлүүлсэн 1,700,248 литр сүү юм. Энэ тооны цаана өглөө бүрийн сааль, өдөр бүрийн арчилгаа, гэр бүлийнх нь дэмжлэг, ажилтнуудынх нь хөдөлмөр бий. Фермээс гарсан сүү “Сүү” ХК-ийн үйлдвэрт боловсруулагдан, сүүн бүтээгдэхүүн болж хэрэглэгчдийн өдөр тутмын хэрэглээнд хүрчээ.
Өөрийн бэлтгэсэн сүү чанартай бүтээгдэхүүн болон айл өрхүүдэд хүрч байгааг мэдэх нь түүнд онцгой сайхан санагддаг. Найз нөхөд, хамаатан садан нь “Манай Цоомоо ахын бэлтгэсэн сүү” хэмээн ярихыг сонсох бүрд хийж буй ажлынх нь утга улам тодордог. Ферм дээрх хөдөлмөр нь үйлдвэрийн хаалгаар ороод дуусдаггүй, хэн нэгний өглөөний цай, гэр бүлийнх нь өдөр тутмын хэрэглээ болон үргэлжилдэг.
Түүний хөдөлмөрийг үнэлж, 2021 онд нийслэлийн аварга фермер, 2026 онд улсын аварга фермерээр шалгаруулжээ. Мөн 2021-2025 онд “Сүү” ХК-ийн шилдэг фермерээр таван жил дараалан тодорсон байна. Эдгээр амжилт нь нэг өдрийн өндөр үзүүлэлтээс илүүтэй, олон жилийн тогтвортой хөдөлмөрийнх нь үнэлгээ билээ.
Хөвсгөл аймгийн харцага цолтой, морь уях дуртай, аймгийн алдарт уяач Л.Цолмонбаатар өнөөдөр ч шинэ зорилго тээж явна. Төрж өссөн нутгийнхаа залуу малчдыг нэгтгэн, хамтарсан ферм байгуулахыг хүсэж байна. Мөн сумынхаа хүүхдүүд сүүг тогтмол хэрэглэдэг байхад хувь нэмрээ оруулахыг зорьдог. Сүү, сүүн бүтээгдэхүүн айл өрхийн өдөр тутмын хэрэглээнд улам ойртож буйд баярладаг түүний хувьд энэ нь хийж буй ажлаа цааш үргэлжлүүлэх бас нэгэн урам юм.
Найман, есөн үнээнээс эхэлсэн мөрөөдөл өнөөдөр гэр бүлийн амьдрал, хамт олны хөдөлмөр, хэрэглэгчийн итгэлийг холбосон ферм болон өргөжжээ. Хүсэл мөрөөдлөөс эхэлсэн түүний хөдөлмөр өнөөдөр фермерээс хэрэглэгч хүртэлх сүүний үнэ цэнтэй холбоос болж, “Бидний дундах сүүн холбоо”-г бүтээж байна.
Фермер Б.Эрдэнэдэлгэр

Дөрвөн хүүхдийнхээ ирээдүйг бүтээнэ гэдэг Б.Эрдэнэдэлгэр, Х.Цэндсүрэн хоёрын хувьд өдөр бүр хамтдаа хөдөлмөрлөхөөс эхэлдэг. Тэдний сонгосон амьдралд өглөө, оройн сааль, малын арчилгаа, фермийн ажил багтана. Мөн хийсэн ажлынхаа үр дүнг хамтдаа үзэж, дараагийн алхмаа төлөвлөх итгэл бий.
Улаанбаатар хотоос 50 километрийн зайд аж ахуйгаа эрхэлж буй залуу фермер Б.Эрдэнэдэлгэр 2015 онд дөрөв, тавхан үхэртэйгээр энэ замд хөл тавьжээ. Тэр үед такси үйлчилгээнд явдаг байсан залуу зээлийн боломж судалж, анхны үхрүүдээ зээлээр худалдан авч байв. Мал авч өсгөх шийдвэрийнх нь цаана өөрөө хөдөлмөрлөж, амьдралаа босгох хүсэл байсан юм.
Түүний аав Ж.Бямбарагчаа мянгат малчин. Аавынх нь эрхэлдэг мал аж ахуй хүүгийнх нь амьдралд фермийн хэлбэрээр үргэлжилж байна. Гэхдээ өөрийн аж ахуйг бий болгоход хүсэл байхаас гадна суралцах, сонголт хийх, өдөр бүр хариуцлага үүрэх хэрэгтэйг Б.Эрдэнэдэлгэр өнгөрсөн хугацаанд ойлгожээ. Ямар үүлдрийн үхэр сонгохоос эхлээд ямар тэжээл өгөх хүртэл фермийн үр дүнд нөлөөлөх зүйл олон. Тиймээс малынхаа тоог нэмэхийн зэрэгцээ арчилгаа, тэжээлдээ анхаарахыг тэрээр чухалчилдаг.
Энэ замд нь хань Х.Цэндсүрэн хамт алхаж байна. Багш мэргэжилтэй тэрээр 2020 онд ажлаасаа гарч, нөхөртэйгөө фермдээ ажиллах болжээ. Нэгнийхээ ажлыг дэмжихээс цаашлан өдөр тутмын хөдөлмөр, шийдвэр, хариуцлагыг нь хамтдаа үүрэх болсон нь тэдний амьдралын чухал сонголт байлаа.
Тэд ам бүл зургаа. Том хүү нь 19 настай, БНСУ-д суралцдаг. Удаах хоёр хүү нь 15, 10 настай бол айлын отгон охин таван настай. Хүүхдүүд нь өсөж, өөр өөрийн хүсэл сонирхолтой болохын хэрээр аав, ээжийнх нь бүтээж буй аж ахуйн утга ч улам өргөжиж байна. Өнөөдрийн хөдөлмөрөөрөө тэд зөвхөн өрхийн орлогоо бүрдүүлээд зогсохгүй дөрвөн хүүхдийнхээ ирээдүйн боломжийг бэлтгэж яваа юм.
Фермийн ажил өглөө зургаагаас найман цагийн саалиар эхэлж, орой мөн зургаагаас найман цагт үргэлжилнэ. Энэ хоёр саалийн дунд ч малын арчилгаа, тэжээл, аж ахуйн ажил тасрахгүй. Өдгөө 100 гаруй тугалтай болсон тэдний ферм өдөрт 500 орчим литр сүү саан авч байна. Б.Эрдэнэдэлгэр, Х.Цэндсүрэн хоёртой түүний төрсөн дүү гэр бүлийн хамт ажилладаг. Ийнхүү нэг өрхийн эхлүүлсэн ажил ах дүүсийн хамтын хөдөлмөрөөр үргэлжилж байна.
Өмнө нь тэд сүүгээ саахын зэрэгцээ борлуулах ажлаа өөрсдөө хариуцдаг байжээ. Портер машиндаа сүүгээ ачаад, өдөржин гадуур явж борлуулна. Саасан сүүгээ хэрэглэгчид хүргэж, орлого болгохын тулд багагүй цаг, хүч зарцуулдаг байсан тэр үеийг 2023 оноос “Сүү” ХК-д сүү нийлүүлж эхэлсэнтэйгээ харьцуулахад олон зүйл өөрчлөгдсөн гэж тэрээр үздэг.
Ялангуяа сүүний төлбөрөө долоо хоног бүр авдаг нь тэдэнд чухал давуу тал болжээ. Орлого хэзээ орохыг хүлээхгүй байх нь өрхийн хэрэгцээ, фермийн өдөр тутмын ажлаа төлөвлөхөд нь түшиг болдог. Сүүгээ өдөржин борлуулдаг байсан залуу өнөөдөр бэлтгэсэн сүүгээ үйлдвэрт нийлүүлж, аж ахуйгаа эрхлэхэд илүү төвлөрөх боломжтой болсон байна.
Тэд гурван жилийн хугацаанд “Сүү” ХК-д нийт 710,058 литр сүү бэлтгэн нийлүүлжээ. Энэ тоо өглөө, оройн сааль бүрээр бага багаар нэмэгдсэн. Хос хоёрын шийдвэр, ах дүүсийн оролцоо, өдөр бүр тасралтгүй үргэлжилсэн ажил нийлж ийм үр дүнд хүрсэн юм.
Ферм дээр бэлтгэсэн сүү нь “Сүү” ХК-ийн үйлдвэрт боловсруулагдан, бүтээгдэхүүн болж хэрэглэгчдэд хүрнэ. Б.Эрдэнэдэлгэрийн гэр бүлийн хувьд энэ бол хөдөлмөрийнх нь үр шим өрхийнх нь хүрээнээс гарч, бусдын өдөр тутмын амьдралын нэг хэсэг болж буй хэрэг. Фермерийн арчилж өсгөсөн малын сүүг үйлдвэр бүтээгдэхүүн болгон боловсруулж, хэрэглэгч сонгон хэрэглэснээр тэдний ажил дараагийн сааль, дараагийн өдрийн хөдөлмөрөөр үргэлжилдэг.
Хөдөө аж ахуйн салбарын жуух бичгээр үнэлүүлсэн залуу фермерийн баримталдаг бодол энгийн. Хүн өөрөө хөдөлмөрлөж чадвал үр шимийг нь хүртэнэ. Энэ итгэл түүний хувьд хэлэх дуртай үг төдий биш, анхны хэдэн үхрээ худалдан авснаас хойш туулсан амьдралынх нь туршлага юм.
Б.Эрдэнэдэлгэр, Х.Цэндсүрэн хоёрын фермд хүүхдүүдийнх нь ирээдүйн төлөөх хүсэл, ах дүүсийнх нь хамтын зүтгэл, залуу гэр бүлийн өөрсдөө бүтээж амьдрах эрмэлзэл шингэжээ. Тэдний бэлтгэсэн сүү үйлдвэрээр дамжин айл өрхийн хэрэглээнд хүрэх бүрд тэрхүү хөдөлмөрийн үр шим улам олон хүнтэй холбогдоно.
Нэг гэр бүлийн хамтдаа бүтээж буй ирээдүйгээс олон гэр бүлийн өдөр тутмын хэрэглээ хүртэл үргэлжлэх энэ холбоо бол “Бидний дундах сүүн холбоо” юм.
Фермер Н.Сүхбаатар

“Манай том ач хүү бол фермээ бүтэн тайлбарлана” хэмээн Н.Сүхбаатар инээж ярьсан юм. Зургаахан настай ачийнх нь мэддэг, бусдад ярьж өгөх дуртай тэр ферм бол өвөөгийнх нь олон жилийн хөдөлмөрийн үргэлжлэл. Харин өвөөгийн хувьд өнөөдөр бүтээж буй аж ахуй нь хожим үр хүүхдэдээ өвлүүлэх амьдралын ухаан, хөдөлмөрийн үнэ цэн юм.
Төв аймгийн Зуунмод суманд төрсөн Н.Сүхбаатар тариачин аавын хүү. Тэрээр анх барилгын материалын худалдаа эрхэлж байгаад 2009 оноос тариа тарьж эхэлжээ. Аавынхаа эрхэлж байсан ажлыг өөрийн амьдралд үргэлжлүүлсэн тэр сонголт нь хожмын аж ахуйнх нь суурь болсон байна.
Харин 2019 онд 12 үхэр худалдан авч, сүүний чиглэлийн аж ахуйгаа эхлүүлжээ. Тариалангийнхаа хажуугаар мал аж ахуй эрхэлж эхэлсэн түүнд суралцах, шийдэх зүйл олон байсан. Гэвч зорилготой, тууштай, хөдөлмөрч сэтгэлтэй байвал бэрхшээлийг даван туулж чадна гэсэн итгэлээр ажлаа үргэлжлүүлсэн байна. Тэр итгэл нь өнөөдөр 240 гаруй үхэртэй аж ахуй болон өргөжжээ.
Н.Сүхбаатар одоо ч тариа тариалж, үүний зэрэгцээ дөрвөн фермийн ажлаа авч явдаг. Хоёр нь саалийн үнээний, нэг нь тугалын, нөгөө нь өсвөр болон сувай үхрийн зориулалттай. Анхны 12 үхрээс эхэлсэн ажлаа ийнхүү малын нас, зориулалтад тохирсон зохион байгуулалттайгаар хөгжүүлжээ. Өсөж буй сүргээ арчлахын зэрэгцээ аж ахуйгаа цааш нь хэрхэн тогтвортой авч явахыг тэрээр бодож, төлөвлөж явна.
Ийм их ажлын дундаас хамгийн их урам авдаг мөчөө асуухад тэр шинэ төл гарах үеийг нэрлэсэн юм. Энэ тухай ярихдаа инээмсэглэж байлаа. Олон малтай, өргөн аж ахуйтай болсон ч шинэ төл бүрээс баяр баясал мэдэрдэг тэр сэтгэл нь хийж буй ажилдаа хэрхэн ханддагийг нь илтгэнэ. Түүний хувьд аж ахуйн өсөлт тоон үзүүлэлтээр хэмжигдэхийн зэрэгцээ шинээр мэндэлсэн төл, түүнийг арчилж өсгөх ажил бүрд утга учраа олдог байна.
Өдөр тутмынх нь энэ хөдөлмөрийг түшиж, ар гэрийг нь бат дааж ирсэн хүн бол гэргий Б.Баянзул. Герман хэлний орчуулагч мэргэжилтэй хань нь түүний амьдралын найдвартай түшиг болжээ. Аж ахуйгаа хөгжүүлэхэд зарцуулсан цаг хугацаа, хичээл зүтгэлийнх нь ард гэр бүлийнх нь дэмжлэг байсаар иржээ.
Тэд гурван хүүхэдтэй. Том хүү нь мал зүйч мэргэжил эзэмшсэн бөгөөд Н.Сүхбаатар аж ахуйгаа түүнд залгамжлуулах бодолтой явдаг. Аавынхаа тарьж ургуулдаг байсан тариаг өөрөө үргэлжлүүлэн тарьсан шигээ өөрийн босгосон ажлыг хүүдээ хүлээлгэн өгөхийг хүсэж байна. Хүүгийнх нь эзэмшсэн мэргэжил, өөрийнх нь хуримтлуулсан туршлага нэгэн аж ахуйд уулзах ирээдүй түүнд бий.
Харин зургаа, дөрвөн настай хоёр ач нь энэ түүхийн хамгийн бяцхан оролцогчид. Том ач нь фермээ бүтэн тайлбарлаж чадна гэж өвөө нь бахархана. Өвөөгийнхөө ажлыг сонирхож, мэддэгээ ярих дуртай хүүгийн хувьд ферм хэдийн танил ертөнц нь болжээ. Тариачин ааваас нь эхтэй хөдөлмөрийн энэ холбоо хүүгийнх нь мэргэжилд, ачийнх нь сониуч сэтгэлд өөр өөрөөр үргэлжилж байна.
Н.Сүхбаатар 2020 оноос “Сүү” ХК-д сүү бэлтгэн нийлүүлж эхэлсэн. Тогтвортой орлоготой, тууштай хамтын ажиллагаатай болсондоо тэрээр баярладаг. Зургаан жилийн хугацаанд тус компанид нийт 1,342,297 литр сүү бэлтгэн нийлүүлсэн нь түүний аж ахуйн өдөр тутмын хөдөлмөрийн бодит үр дүн юм.
Тэр “Сүү” ХК-ийн бүтээгдэхүүнийг хараад “Энэ сүүн дотор манай нэг дусал сүү байгаа” гэж хэлдэг. Энгийн атлаа хийж буй ажлынхаа утгыг багтаасан үг. Тэр нэг дусалд малаа арчилсан зүтгэл, саалиа бэлтгэсэн ажил нь шингэнэ. Үйлдвэрт бусад фермерийн бэлтгэсэн сүүтэй нэгдэж, үйлдвэрийн хамт олны хөдөлмөрөөр бүтээгдэхүүн болоод айл өрхөд хүрнэ. Харин хэрэглэгчийн сонгон авсан тэр бүтээгдэхүүнээс Н.Сүхбаатар өөрийн оролцоог олж хардаг. Танихгүй олон хүний өдөр тутмын амьдралд түүний хөдөлмөрийн өчүүхэн ч гэсэн хэсэг хүрч буйг “манай нэг дусал” хэмээх үг нь ийнхүү ойрхон мэдрүүлнэ.
Түүний олон жилийн хөдөлмөрийг үнэлж, 2024 онд Алтан гадас одонгоор шагнаж, 2026 онд хөдөө аж ахуйн салбарын гавьяаг нь үнэлэн алдаршуулжээ. Гэхдээ түүний ярианд шагналын тухайгаас гадна шинэ төлөө харах баяр, хүүдээ аж ахуйгаа залгамжлуулах хүсэл, ачийнхаа тухай өгүүлэх бахархал тод үлдэнэ.
Н.Сүхбаатарын бүтээж буй зүйл өнөөдрийн сааль, энэ жилийн ургацаар дуусахгүй. Аавынхаа хөдөлмөрөөс үргэлжлүүлсэн ажлаа хүүдээ өвлүүлж, ач нартаа танилцуулж, бэлтгэсэн сүүгээрээ олон өрхийн хэрэглээнд хувь нэмрээ оруулж явна. Гэр бүлийнх нь дотор үеэс үед дамжих хөдөлмөрийн ухаан, фермээс нь үйлдвэрээр дамжин хэрэглэгчид хүрэх сүү хоёр түүний амьдралд ийнхүү зэрэгцэн үргэлжилж байна.
“Энэ сүүн дотор манай нэг дусал сүү байгаа” хэмээн хэлэх түүний үгэнд өөрийн хөдөлмөрөөр бүтээлцсэн бүхнээ таних бахархал бий. Тэр нэг дусал бол “Бидний дундах сүүн холбоо” юм.
Фермер Б.Отгонбаяр

Б.Отгонбаяр аливаа ажлыг “Яаж болгож, бүтээх вэ?” гэдэг талаас нь харахыг хичээдэг. Арван үхэр худалдан авч, аж ахуйгаа эхлүүлэхдээ ч, түүнийгээ фермийн хэмжээнд өргөжүүлэхдээ ч тэр энэ бодлоо ажил хэрэг болгож иржээ. Өнөөдөр 100 гаруй үхэртэй болсон түүний аж ахуй нэг удаагийн том шийдвэрээр бус, эхэлснээ үргэлжлүүлсэн өдөр бүрийн хөдөлмөрөөр бий болсон юм.
Тэрээр мал аж ахуйн салбарт орохоосоо өмнө Тавантолгойд гурван жил нүүрс тээвэрлэж байв. Харин 2018 онд анхны арван үхрээ өөрөө худалдан авч, амьдралынхаа шинэ ажлыг эхлүүлжээ. Мал аж ахуйн уламжлалыг үргэлжлүүлж буй хоёр дахь үеийн төлөөлөл болсон түүний өмнө өөрийн гэсэн аж ахуйг босгож, цааш нь авч явах хариуцлага ирсэн нь энэ.
Эхний гурван жилийн дараа үхэр нь 40 гаруй болжээ. Аж ахуй томрохын хэрээр хийх ажил, шаардагдах бэлтгэл ч нэмэгдсэн байна. Тэр үед хоёр ах нь түүнтэй хамтарч, фермээ өргөжүүлэн хөгжүүлэхэд нь хүчээ нэгтгэжээ. Өөрөө эхлүүлсэн ажил нь ийнхүү ах дүүсийн хамтын зүтгэлээр хүрээгээ тэлсэн юм.
Таван ах, нэг эгчтэй айлын отгон хүүд ах нарынх нь дэм өнөөдөр ч ойрхон байдаг. Өвс, тэжээлийн бэлтгэлээс эхлээд хүн хүч хэрэгтэй үед тэд ирж тусална. Улирлын ажлыг хугацаанд нь амжуулах, малынхаа идэш тэжээлийг базаах гээд хүлээж болдоггүй ажилд гар нийлэн зүтгэх нь тэдний хувьд нэгнээ дэмжих хамгийн бодит хэлбэр болжээ. Фермийг нь зөвхөн малын тоо бус, ард нь байгаа хүмүүсийн оролцоо ч томруулж иржээ.
Б.Отгонбаяр өдгөө сүүнээс гадна мах бэлтгэдэг. Аж ахуйгаа хөгжүүлэхийн хэрээр тэрээр малынхаа өсөлтийг саалийн гарц, арчилгаа, ажлын зохион байгуулалттай хамт тооцохыг чухалчилдаг болжээ. Боломжийг олж харахаас гадна түүнийгээ хэрэгжүүлэх арга зам хэрэгтэй. Түүний хувьд тэр арга зам нь фермийнхээ ажлыг урьдчилан төлөвлөхөөс эхэлдэг.
Тухайлбал, сүргийн төллөлтийг намар, хаварт хуваарилан зохион байгуулж, сүүний гарцыг тогтвортой байлгахыг зорьдог байна. Өнөөдрийн саалиа авахын зэрэгцээ ирэх улиралд ямар бэлтгэл хэрэгтэйг бодно. Ингэж өдөр тутмын ажлаа дараагийн алхамтайгаа холбож харах нь түүний “болгож бүтээх” хандлагын нэг илэрхийлэл юм.
Тэрээр 2019 оноос “Сүү” ХК-д сүү бэлтгэн нийлүүлж эхэлжээ. Анх өдөрт 80 литр сүү нийлүүлдэг байсан бол дөрвөн жилийн хугацаанд нийт 170,349 литр сүү бэлтгэн нийлүүлсэн байна. Энэ тооны цаана сааль бүрийн ажил, малаа арчилсан цаг хугацаа, өвс тэжээлээ бэлтгэсэн хүч хөдөлмөр бий. Өдөр бүр бага багаар нэмэгдсэн үр дүн нь олон жилийн зүтгэлийг ийнхүү илэрхийлж байна.
Арван үхрээс эхэлсэн аж ахуйнхаа үр шимийг Б.Отгонбаяр зөвхөн малынхаа өсөлтөөр хэмжихгүй. Өөрийн бэлтгэсэн сүүг “Сүү” ХК-д нийлүүлэх бүрд эхлүүлсэн ажил нь фермийнх нь хашаанаас цааш үргэлжилдэг. Түүний арчилж өсгөсөн малын сүүнд үйлдвэрийн хамт олны ур чадвар шингэж, айл өрхийн сонгон хэрэглэх бүтээгдэхүүн болно. Ийнхүү “болгож бүтээнэ” гэсэн нэгэн залуугийн эрмэлзэл ах дүүсийнх нь дэмжлэгээр өргөжиж, үйлдвэрээр дамжин олон гэр бүлийн өдөр тутмын хэрэгцээнд хүрч байна.
Түүний өдөр бүрийн хичээл зүтгэлийг хамгийн ойроос харж, үнэлдэг хүн нь хань Ц.Содмон. Баянчандмань суманд сувилагчаар ажилладаг эхнэрийнхээ дэмжлэгийн тухай Б.Отгонбаяр бахархалтай ярьдаг. Хийж буй ажлынх нь ачааллыг ойлгож, гаргаж буй зүтгэлийг нь үнэлдэг ханьтай байх нь түүнд урагшлах урам болдог байна.
Тэд хоёр хүү, нэг охинтой. Том хүүхэд нь зургаан настай, удаах нь тавтай, отгон үр нь дөнгөж арван сартай. Гурван бяцхан хүүхэдтэй залуу гэр бүлийн амьдралд өнөөдрийн хэрэгцээ ч, ирээдүйн төлөвлөгөө ч зэрэгцэнэ. Тэр бүхний дунд Б.Отгонбаяр эхлүүлсэн аж ахуйгаа хөгжүүлж, гэр бүлийнхээ амьдралын түшиг болгохоор хөдөлмөрлөж явна.
Түүний түүхийг эргээд харахад анхны арван үхрээ авсан шийдвэрээс хойш алхам бүр нь дараагийнхаа суурь болжээ. Малаа өсгөж, ах нартайгаа хамтарч, фермийнхээ зохион байгуулалтыг сайжруулан, сүүгээ тогтмол нийлүүлж ирсэн нь өнөөдрийн аж ахуйг бүтээжээ. Энэ замд дан ганц өөрийнх нь хүч бус, ах дүүсийн дэм, ханийнх нь итгэл хамт байжээ.
“Яаж болгож, бүтээх вэ?” гэсэн асуултынхаа хариуг Б.Отгонбаяр одоо ч өдөр бүрийн ажлаар олж явна. Тэр хариу нь өсөж буй сүрэгт нь, ах дүүстэйгээ босгосон фермд нь, гэр бүлийнхээ төлөө гаргаж буй зүтгэлд нь бий. Мөн түүний бэлтгэсэн сүүгээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэж буй айл өрхүүдийн өдөр тутмын амьдралд үргэлжилж байна. Энэ бол “Бидний дундах сүүн холбоо”.
Фермер Ч.Базарсад

Өглөөний тав, оройн тав. Ч.Базарсадын өдөр тутмын амьдралд энэ хоёр цаг саалийн ажлаар тэмдэглэгддэг. Улирал солигдож, он жил өнгөрөвч малаа арчлах, саалиа бэлтгэх ажил үргэлжилнэ. Мал аж ахуйн салбарт тавь орчим жил ажиллаж буй түүний туршлага өдөр бүр давтагдах энэ хөдөлмөрт шингэжээ.
Түүний мал аж ахуйтай холбогдсон зам өөрийн фермээ байгуулахаас олон жилийн өмнө эхэлсэн юм. Ах, эгч нь 800 үнээтэй фермд ажилладаг байжээ. Тиймээс олон малын арчилгаа, сааль сүүний ажил түүнд хожим танилцсан шинэ ертөнц биш, багаас нь ойр байсан амьдралын нэг хэсэг байв. Тэр орчноос эхтэй хөдөлмөрийн зам нь явсаар өөрийн гэсэн аж ахуйг босгох сонголтод хүргэсэн байна.
2013 онд Ч.Базарсад 13 үхэр худалдан авч, хувийн фермийнхээ эхлэлийг тавьжээ. Салбартаа хуримтлуулсан туршлагаа өөрийн аж ахуйд зориулж, эхэлсэн ажлаа цааш нь авч явах хариуцлагыг үүрсэн нь энэ. Малаа өсгөх, арчилж тордох, өдөр тутмын ажлаа зохион байгуулах гээд шийдвэр бүр нь фермийнх нь ирээдүйтэй холбогдох болжээ.
Анхны 13 үхэр нь өдгөө 120 орчим болж өссөн байна. Энэ хоёр тооны хооронд олон жилийн ажил бий. Малынхаа тоог нэмэхийн зэрэгцээ арчилгааг нь орхигдуулахгүй байх, өвс тэжээлээ бэлтгэх, саалиа тасалдуулахгүй үргэлжлүүлэх хэрэгтэй. Түүний аж ахуй нэг дор томроогүй шиг туршлага нь ч нэг дор бий болоогүй. Өдөр бүр хийсэн ажил, цаг тухайд нь гаргасан шийдвэрүүд өнөөдрийн фермийг бүтээжээ.
Одоо түүний фермд хоёр гэр бүл ажиллаж байна. Өглөө, оройн сааль төдийгүй тэдгээрийн хооронд үргэлжлэх малын арчилгаа, аж ахуйн ажлыг хамтдаа нугална. Олон жил ажилласан хүний туршлага ийм үед өдөр тутмын зохион байгуулалт, ажлаа мэдэж хийх дадлаар илэрдэг. Ч.Базарсадын хувьд фермээ авч явна гэдэг өөрийн хөдөлмөрийг бусдын оролцоотой уялдуулж, нэгэн хэмнэлээр үргэлжлүүлэх ажил болжээ.
Түүний хань С.Бадмаа эм зүйч мэргэжилтэй. Гэр бүл, үр хүүхдийнх нь амьдрал фермийнх нь хөгжилтэй зэрэгцэн үргэлжилж иржээ. Зургаан хүүхдийн аав болсон Ч.Базарсад өнөөдөр ч олон жилийн турш хийж ирсэн ажлаа үргэлжлүүлсээр. Хуримтлуулсан туршлагадаа түшиглэж, эхлүүлсэн аж ахуйгаа авч явах нь түүний амьдралын тогтвортой нэгэн хэсэг болжээ.
“Сүү” ХК-ийн нийтэлсэн мэдээллээр тэрээр найман жилийн хугацаанд нийт 980,454 литр сүү бэлтгэн нийлүүлсэн байна. Нэг сая литрт ойртсон энэ хэмжээ сааль бүрээр бага багаар нэмэгджээ. Үүний цаана мал сүргийн арчилгаа, сүүний чанар, тогтмол нийлүүлэлтийг эрхэмлэн ажилласан олон жилийн зүтгэл бий.
Хэрэглэгч савласан сүү авахдаа түүнийг бэлтгэсэн фермерийн нэрийг тэр бүр мэдэхгүй. Ч.Базарсад өглөө хэдэн цагт саалиндаа гарсныг, хэдэн жил мал аж ахуйд ажилласныг ч мэдэхгүй байж болно. Гэвч түүний бэлтгэсэн сүү “Сүү” ХК-ийн үйлдвэрт боловсруулагдан бүтээгдэхүүн болохдоо тэр хөдөлмөрийн үр дүнг айл өрхийн хэрэглээнд хүргэдэг. Ферм дээр өдөр бүр хийсэн ажил нь үйлдвэрийн хамт олны хөдөлмөртэй нийлж, хэрэглэгчийн сонгон авдаг бүтээгдэхүүний нэг хэсэг болдог юм.
Энэ холбоонд Ч.Базарсадын олон жилийн зүтгэл онцгой үйл явдлаар бус, тогтвортой үргэлжилсэн ажлаар илэрнэ. Өнөөдөр нийлүүлсэн сүүний араас маргаашийн сааль залгана. Үйлдвэрийн боловсруулалт, хэрэглэгчийн сонголттой холбогдсон тэр нийлүүлэлтийн эхэнд малаа арчилж, сүүгээ бэлтгэж буй хүн бий. Түүний ажлаа тогтмол хийж ирсэн хариуцлага бусдын өдөр тутмын хэрэгцээг хангахад ийнхүү оролцож байна.
Ч.Базарсадын түүхийг өгүүлэхэд тавь орчим жил гэдэг хугацаа өөрөө ихийг хэлнэ. Гэхдээ тэр хугацааг утгатай болгож буй зүйл нь он жилийн тоо биш, тэр бүхний турш үргэлжилсэн хөдөлмөр юм. Ах, эгчийнхээ ажилладаг фермтэй ойр байсан бага наснаас өөрийн аж ахуйг байгуулсан өнөөдөр хүртэл түүний амьдрал мал аж ахуйтай холбогдож иржээ.
Өглөөний тавд эхэлсэн сааль оройн тавд дахин үргэлжилнэ. Ч.Базарсадын хувьд энэ нь ээлжит өдрийн ажил. Харин фермээс нь гарсан сүү үйлдвэрээр дамжин айл өрхөд хүрэхдээ олон жилийн туршлага, өдөр бүрийн хариуцлагыг нь хэрэглэгчийн амьдралтай холбож байдаг.
Он жилээр зузаарах туршлага, өдөр бүр үргэлжлэх хөдөлмөрөөс бүтсэн энэ хэлхээ бол “Бидний дундах сүүн холбоо” юм.