М.Пүрэвжав: 2022 онд Монголын бүх хүүхэд сургууль дээрээ нэг аяга сүү уудаг болно

Монгол хүүхдийн эрүүл мэндийг хамгаалагчид нь сүү бэлтгэгчид юм

Сүү ХК бэлтгэн нийлүүлэгч нартаа зориулан эрхлэн гаргадаг “Сааль” сонингынхоо 7-р сарын дугаарт Шинжлэх ухаан технологийн сургуулийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга, доктор, профессор М.Пүрэвжавыг урьж ярилцлаа.

-Хүнсчдийн зөвлөгөөн дээр та эрүүл, тэнцвэртэй хооллох талаар хөндсөн нь их сонирхолтой санагдсан. Тэр дундаа хүүхдээ эрүүл байлгахын тулд сүү, цагаан идээг өдөр тутамдаа тогтсон хэмжээгээр хэрэглүүлэх ёстойг хүмүүс илүү их ойлгосон байх?

-Эрүүл хүн л чанартай амьдарч чадна. Хүн эрүүл байхын тулд хамгийн нэгдүгээрт хоолоо зохицуулах ёстой. Харин дараагийн асуудал бол сэтгэл санаагаа тайван байлгах юм. Өөрөөр хэлбэл, стрессгүй байж чадах юм бол эрүүл мэндээ тодорхой хэмжээнд хамгаалж байгаа хэрэг. Агаарын бохирдол хүний эрүүл мэндэд хамгийн их нөлөөлж байна гэж ярьдаг. Мэдээж тодорхой хэмжээнд сөргөөр нөлөөлж байгаа нь үнэн. Гэхдээ Улаанбаатарын хүүхдүүд агаарын бохирдлоос болж өвчилж байгаа юм бол эрүүл агаарт амьдарч байгаа хөдөөгийн хүүхдүүд яагаад адилхан өвдөөд байгаа юм бол гэдгийг бодох хэрэгтэй. Сумын хүүхдүүд өвдөхгүй, хотынхон илүү өвчилж байгаа юм биш. Тэгэхээр хүүхдүүдийн өвдөөд байгаа шалтгаан нь ерөөсөө л хоол хүнстэй холбоотой. Дэлхий нийтээр эрүүл зохистой хооллолтыг манай өнөөгийн ойлголт, хэв маягаас огт өөрөөр авч үздэг. Хоол зүйн шинжлэх ухааны үүднээс тайлбарлавал хүн тэнцвэртэй хооллох хэрэгтэй гэж үздэг. Тэнцвэртэй хооллоно гэдэг таван бүлэг хүнсний бүтээгдэхүүнээс үйлдвэрийн боловсруулалт бага орсныг нь сонгон хэрэглэхийг хэлж байгаа юм. Таван бүлэг хүнсний бүтээгдэхүүний нэг томоохон бие даасан бүлэг нь сүү, цагаан идээ.

Сүү, цагаан идээ хүний өдөр тутам идэх ёстой үндсэн хүнсний бүлэгт багтдаг.  Хүнд зайлшгүй хэрэгцээтэй сүү, цагаан идээний үндсэн бүлэг манай улсад байдаг нь маш том аз юм. Гэтэл сүү огт байхгүй орнууд бий. Тэдгээр улсууд сүү зайлшгүй хэрэгтэйг мэддэг учраас үнээний ферм шинээр байгуулж байна. Тухайлбал, Хятад улс л гэхэд хэдэн зуун сая хүүхдэдээ сүү өгөхийн тулд үнээний эрчимжсэн аж ахуйг өргөн хүрээнд маш олноор хөгжүүлж байна. Гэтэл манай улс сая гаруй хүүхдээ сүүгээр хангах асуудлыг шийдэж чадахгүй байна шүү дээ.

-Сүү, цагаан идээг өдөрт ямар хэмжээгээр хэрэглэх ёстой вэ?

-Хоёроос дөрвөн нэгж буюу өдөрт хоёроос дөрвөн аяга сүү заавал ууж байх хэрэгтэй. Эсвэл ийм хэмжээний сүүтэй тэнцэх хэмжээний цагаан идээг хэрэглэж байх ёстой. Тэрдундаа хүүхэд өдөр тутамдаа тогтсон хэмжээгээр сүү, цагаан идээ хэрэглэж байж эрүүл байх үндэс бүрэлдэнэ. Хүний яс бат бөх болж бэхжих явц 25 нас хүртэл үргэлжилдэг. Тиймээс хүүхдүүдийг ид өсөж, хөгжиж байх үед нь ясыг бат бөх болгохын тулд тогтмол сүү уулгах хэрэгтэй. Ингэж байж чимээгүй тахал болсон ясны сийрэгжилтээс сэргийлж чадна.

-Хүүхдүүд сургууль, цэцэрлэг дээрээ ихэнх цагийг өнгөрүүлдэг. Гэтэл үдийн цайнд сүү, цагаан идээг  ямар хэмжээнд хэрхэн өгдөг бол. Сүү, цагаан идээний хэрэглээг хуулиар баталгаажуулсныг та яриандаа дурдаж байсан?

-Саяхан Сургуулийн хоол, үйлдвэр үйлчилгээний хуулийг Улсын Их хурлаар  баталлаа. Нэг ёсондоо энэ хуулиар хүүхдэд тэнцвэртэй хоол өгөх ёстойг баталгаажуулж байгаа  юм. Хуульд шинээр орсон үндсэн том заалт нь сургуулийн хүүхдүүдэд хоол шим тэжээлийн боловсрол олгоно. Өөрөөр хэлбэл, бүх сургуулиудад  хоол зүйч гэдэг мэргэжилтэн ажиллана гэдгийг албан ёсоор хуульчиллаа. Хуулийн үйлчлэлийн хүрээнд хүүхдэд тэнцвэртэй хоол өгөх, тэрдундаа сүү, цагаан идээ заавал өгөхийг 2022 он хүртэл үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Хүүхдийг бага наснаас нь зөв хооллож, ирээдүйд эрүүл байлгах хэрэгтэй. Насанд хүрсэн хүмүүс өөрсдөө сонголт хийх чадвартай, санхүүгийн эрх чөлөөтэй бол хүүхдүүд эрүүл, чанартай хоол сонгоод идэх нь хязгаарлагдмал, учир дутагдалтай шүү дээ.

-Гэтэл манай улсын өнөөгийн хүнсний салбар бүх хүүхдийг сүү, цагаан идээгээр хангах хэмжээнд байж чадаж байгаа болов уу?

-Мэдээж хуулийг бүрэн дүүрэн хэрэгжүүлэхэд учир дутагдалтай зүйлс бий. Үүний нэг нь хүнсний хангамж юм. Хүнсний хангамжийн асуудлыг зөв шийдэж чадахгүй бол хүүхдүүдийн эрүүл мэндэд хамгийн чухал шим тэжээл бүхий сүү, цагаан идээ өгөхөд хүндрэл үүснэ. Тиймээс хүнсний хангамж тэр дундаа сүүний хангамжийг яаж бий болгох вэ гэдэг асуудлыг чухалчилж, хөндөхөөс аргагүй.

Монголд үйл ажиллагаа явуулж байгаа томоохон сүүний үйлдвэрүүдэд иргэдийн хэрэглэх 2-4 аяга сүү, түүнтэй тэнцэх хэмжээний цагаан идээг боловсруулах хүчин чадал хангалттай бий. Харин үйлдвэрийн хяналтад ороод гарахад шаардлагатай түүхий эд буюу сүү дутагдалтай байна. Тиймээс үнээний эрчимжсэн том фермийг бий болгоход төр, хувийн хэвшил, малчин фермерүүд бүгд анхаарах ёстой. Миний сонссоноор Монголын бүх хүүхдэд нэг аяга сүү өгнө гэж тооцоолбол сүүний үйлдвэрүүдийн бүх сүүг шавхаад цаана нь дэлгүүрийн лангуун дээр сүү үлдэхгүй гэсэн мэдээлэл бий. Тэгэхээр 2022 он гэхэд Монгол Улсын бүх ерөнхий боловсролын сургуульд  сурч байгаа бага, дунд, ахлах ангийнханд дорж хаяж нэг аяга сүү уулгахын тулд сүүний хангамжийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай.  Үлдсэн 2-3 аяга сүүний хэрэглээгээ хүүхэд гэртээ авах ёстой.

-Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, сүү, цагаан идээтэй холбоотой хүнсний аюулгүй байдалд малчин, фермерүүдийн үүрэг оролцоо их чухал юм байна?

– Сүүний хангамжийг бий болгоход хамгийн чухал голлох үүрэгтэй нь сүү бэлтгэн нийлүүлэгчид юм. Фермерийн аж ахуйтай бүх хүний оролцоо, сүүний үйлдвэрүүдийн үйл ажиллагаа тэргүүнд тавигдана. Мөн хэдийгээр сүүний хангамж чухал ч нэн тэргүүний зорилт бол шаардлага хангасан эрүүл цэвэр сүү юм. Хүний бие махбодид шаардлагатай өдөр тутмын шим тэжээлийн бодисыг хоолоор дамжуулан авч чадаж байж хүн эрүүл мэндээ хамгаалах тухай асуудал яригдана. Үүний нэг бүрэлдэхүүн болж байгаа сүү, бусад хүнсний бүтээгдэхүүнийг хүүхдэд нийтийн хоолны үйлдвэр, үйлчилгээнд нийлүүлэхдээ стандарт, техникийн зохицуулалт хангасан бүтээгдэхүүнээр үйлчлэх тухай хуульд заасан байгаа. Ингэж байж нийтийн хоолны, үйлдвэр үйлчилгээ чанартай болж, хүнсний баталгаат байдлыг хангаж чадах юм.

Малчин, фермерүүдийн гол үүрэг бол чанартай сүүг хүнсний үйлдвэрүүдэд нийлүүлэх. Өөрөөр хэлбэл, малчин хүн чин шударга байх ёстой. Хэрэв чанаргүй сүү нийлүүлбэл тэр хүн өөрийнхөө бизнесийг л алдана гэсэн үг. Энд бас нэг асуудал гарч ирдэг нь өвлийн улиралд сүүний гарц багасдаг. Сүү хадгалдаг дэлхий дээр байгаа ганц технологи бол  сүүг тоосруулан хатааж хуурай сүү гаргах байдаг. Гэтэл хүмүүс хуурай сүү, хатаасан сүү хоёрыг ялгахгүйгээр хуурай сүү муу гэж боддог. Гэтэл яг үйлдвэрийн журмаар хатааж боловсруулсан хуурай сүүг хэрэглэж болно.

-Монголын бүх хүүхдэд сүү, цагаан идээ өгч эхлэхээр сүүний зах зээл тэлнэ. Тэр дундаа малчид их сүү “үйлдвэрлэх”-ээс гадна хариуцлага улам нэмэгдэх нь ээ?

-Сүү бэлтгэн нийлүүлэгчдийн хувьд хөдөө аж ахуйн зөв зохистой дадлыг хангах шаардлагатай. Хамгийн наад зах нь сүү  нь антибиотикийн үлдэгдэлгүй, мал нь өвчингүй байх зэрэг асуудлыг анхаарах ёстой. Өөрсдийнхөө үр хүүхдүүдийн эрүүл мэндэд сөрөг алхам хийхгүйн тулд бүх хүнсний бүтээгдэхүүнүүд стандарт, тохирол, техникийн зохицуулалтыг хангасан байх шаардлага тавина. Энэ бүгдийг ханган үйлдвэрлэж чадаж байгаа хэн бүхний хүнсний бүтээгдэхүүн хүүхдэд өртөг шингэсэн үнээрээ очих юм. Монгол нутгийнхаа атар газрын ногоо, бэлчээрийн малын мах, сүүг цэвэр байдлаар, хямд үнээр Монгол хүн эхлээд идэх ёстой. Гэхдээ аль болох хямд үнээр шүү дээ. Гэвч өнөөдөр Монголд үйлдвэрлэсэн, органик гэсэн зарим бүтээгдэхүүн хэт өндөр үнэтэй байдаг буруу давалгааг болиулах хэрэгтэй.

-Фермерүүд гол орлогоо сүү, сүүн бүтээгдэхүүнээс олж байна. Гэтэл хямд үнэ ярихаар малчид гайхаж магадгүй. Хямд үнээр борлуулахын тулд төр засгаас дэмжих ёстой юу?

-Хямд үнэ гэхээр малчдын сүүг бага үнээр авах гэж байгаа юм биш. Эрэлт ихсээд ирэхээр аяндаа зах зээлийн жамаар зохицуулагдаад явна. Өөрөөр хэлбэл, малчин, фермерүүд зах зээлийнхээ өрсөлдөөнөөр аж ахуйгаа эрчимжүүлж, зохион байгуулалтад ороод явна.

-Сүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх хамгийн чухал асуудал бол эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх. Тэгэхийн тулд малчин фермерүүдийг дэмжсэн тодорхой хөшүүрэг байх ёстой биздээ?

-Хүн амын эрүүл мэндийн төлөө төр ямар нэгэн байдлаар дэмжлэг үзүүлэх нь зайлшгүй. Хүнсний баталгаат байдал буюу хүнсний аюулгүй байдлын асуудал, масс хооллолтын асуудал гарч ирж байна. Хүн амын эрүүл мэндийг дэмжихэд олон улсын хэмжээнд төрөл бүрийн хөнгөлөлт зохицуулалт бий. Олон улсын жишгээс харахад эрчимжсэн мал аж ахуй эрхэлж байгаа хүмүүсээ орлогын албан татвараас чөлөөлдөг. Чанартай бөгөөд хямд хүнс нийлүүлж байгаа компаниудын нэр хүнд нийгмийн хариуцлага маш өндөр байдаг. Тэр ч утгаараа олон нийтийн дунд нэр хүндтэй  компаниудад татварын хөнгөлөлт үзүүлдэг тогтолцоо бий. Ер нь хоол хүнсний асуудал бол салбар дундын үйл ажиллагаа учраас цаашид төр, хувийн хэвшил аль аль нь зөв санаачлага гаргаж ажиллах ёстой.

Манай улсад Сургуулийн хоол, үйлдвэр үйлчилгээний хууль батлагдсан нь  Монгол хүүхэд бүрийг эрүүл байлгахад анхаарах том боломж гарч ирж байна. Харин энэ үед нь эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхэд ямар хөнгөлөлт, урамшуулал байх ёстой гэдэг ажлуудыг хариуцаж байгаа яамдуудад яригдаж байгаа байх. Эрэлт үүсэхээр аяндаа зах зээлийн жамаар зохицуулагдаад, төр бодлого явуулж эхэлнэ. Хүүхэд гэдэг бол бидний ирээдүй шүү дээ.

-Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх бусад улс орны туршлагаас харахад Монголын хөрсөнд бууж ямар үр дүнтэй арга байдаг бол?

-Сүүний фермерийн хөгжлөөс харахад цөөн бөгөөд гарц ихтэйг илүүд үздэг ерөнхий жишиг олон улсад байдаг. Зарим улс орны фермертэй танилцаж явахад нэг сааманд 25 литр гардаг үхэр цөөнгүй байдаг юм билээ. Тэгээд өдөрт 3-4 удаа саахаар нэг үнээнээс 100 литр сүү сааж байна гэсэн үг. Нөгөө талаас малд өгч буй өвс, тэжээл маш чухал. Ер нь сүүний чанар тэжээлээс л хамаарч байдаг. Манай орны хувьд бэлчээрийн мал аж ахуйтай гэдгээрээ давуу талтай ч тэжээллэгээр хэрхэн үр дүнтэй фермерээ хөгжүүлэх вэ гэдгийг бодох хэрэгтэй.

Ярилцсанд баярлалаа.

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Та өөрийн нэр болон и-мэйл хаягийг оруулна уу *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.